Танилцуулга Түүхэн хөгжил Шагнал Байгууллагын бүтэц ТУЗ-ийн гишүүд - Удирдлагууд Үнэт зүйл, Хэтийн бодлого
Танилцуулга

               “Монголросцветмет” ХХК нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны томоохон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

Өнөөдөр компани нь:

            - Хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт;

            - Төмрийн хүдэр олборлолт, баяжуулалт;

            - Алт олборлолт, баяжуулалт;

            - Хайрга, дайрга, элс үйлдвэрлэл

            - Геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулан, жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1300 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар компани нь Улаанбаатар хотод Захиргаа,Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр”уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдийг багтаан үйл ажиллагаа явуулж байна.

“Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хөдөлмөрийн насны иргэдийн 20 гаруй хувь, “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмөр тосгоны хөдөлмөрийн насны иргэдийн 34 хувийг ажлын байраар хангадаг ба нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь тус компанийн байр, орон сууцанд амьдардагаас гадна тухайн сум орон нутгийн төсвийн байгууллагын ажиллагсдыг мөн орон сууцаар хангадаг.

“Монголросцветмет” ХХК байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай олон зуун үндэсний боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ. Түүнчлэн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор тохилог орон сууц, сургууль цэцэрлэг, нийгэм соёл, спорт, ахуйн үйлчилгээний зориулалттай иж бүрэн барилга байгууламжид нийт хөрөнгө оруулалтынхаа 40 орчим хувийг зориулж бүтээн байгуулалт хийснээрээ онцлогтой юм. Үүний үр дүнд компанийн харьяа үйлдвэрүүдийг түшиглэн байгуулагдсан хот, суурин газруудад 15 мянга гаруй хүн орчин үеийн тохилог орон сууцанд ажиллаж, амьдарч байна.

Компани нь цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн засаглалыг хөгжүүлсэн, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрээ бататгасан, Монгол Улсад төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт тавин ажиллаж байна.